Та хэнийг сонгох вэ? Сонгууль-2008 Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрог
2008 оны УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Төр түшилцэх эрхмээ ард түмэн та бид хэрхэн сонгохоос бидний амьдрал, цаашлаад улс орны хувь заяанд ихээхэн хамааралтай нь дамжиггүй билээ. Таны сонголтонд нэмэр болох үүднээс бид УИХ-ын тойргуудад хэн гэгч ямар эрхэм нэр дэвшихээр зэхээд байгааг дугаар бүртээ мэдээлэх болно. Таны сонголт мэргэн байг.
ДОГШИН ХУТАГТААСАА УЛАМЖЛААД ТЭР ҮҮ, ШУДАРГА НЬ ДЭНДСЭН СОНГОГЧИД
Догшин хутагтаасаа уламжлаад ч тэр юм уу, Дорноговийнхон гэж шударга нь дэндсэн улс байдаг. Цагтаа Монголын төрийг толгойлж асан Д.Содном, Ш.Гунгаа¬дорж нарын тухай ямар нэг шударга бус үйлдэл, идсэн уусан, завшсан тухай үнэн байтугай худал цуу ч сонсогддоггүй. Тэдний араас гишгэж яваа цөөхөн улс төрчид нь бас л шударга. УИХ-ын гишүүн Л.Одончи¬мэд нь сайдын суудлаасаа өөрөө татгалзаж, гавъяат хуульч Ц.Шаравдорж нь гарцаагүй сайд болох өрсөлдөөнд “би наадах шоунд нь оролцохгүй ээ” гээд үлдэж байсан. Сонгууль хаяанд ирлээ. Хуучин Дорноговь, Говьсүмбэр айм¬гууд тус тусдаа УИХ-ын нэг мандаттай байсан ба энэ удаа хоёр аймгийг хамруулан томсгосон нэг тойрог болно. Нэр дэвшигчид нь ч сурталчилгаагаа хэдийнэ эхэлжээ. Гишүүн Д.Туяа Завханаас сонгогдсон боловч эдүгээ энэ тойрогт өөрийн зурагтай хуанли, бэлэг сэлт тараан дуучдын шоу зохион байгуулж нутгийн сонинд “намаас энэ тойрогт анхаар гэсэн” гэсэн ярилцлага өгч явна. Тэрээр хоёр ч удаа Завханаас сонгогдсон боловч тойрогтоо дорвитой юм хийгээгүй тул сонгогчид нь хүлээж авахгүй гэх яриа ортой учраас журмын нөхдийнхөө тойрог руу өнгийж яваа нь энэ гэлтэй. Сайн эцгийн нэрийг гурав зарж иддэгийн үлгэрээр УИХ-д хоёрдахиа сонгогдон толгойтой бүхнийг гуйж гувшин сайд болсон Д.Туяаг МИ-8-ийн осол, Хонгорт болсон үйл явдлын үеэр хохирогсдын талд баттай зогсож чадаагүй гэж бичдэг нь ортой билээ. Сая намынхаа их хурал дээр С.Баярыг Ерөнхий сайд болгох тухай санал хураахад түүний эсрэг санал өгсөн цөөхөн сайдын нэг нь Д.Туяа. Сөрөг хүчнийхэн улс төр хийж, нутгийнх нь ах сайдыг унагах тухай санал хураалт болоход Д.Туяа гэнэт сураггүй алга болж, намынхан нь цөөнх болж огцруулах дүгнэлт гаргуулсан гэдэг. Үүний цаана Ганди хоёулаа үгсэн нэг нь Нийгмийн хамгааллын, нөгөө нь Эрүүл мэндийн сайд болох зорилготой байсан гэсэн яриа нэг хэсэгтээ л олны чихийг мялаасан. Ямартай ч Д.Туяа Эрүүл мэндийн сайдын сэнтийд сууж амжсан. Харин одоо сайн нөхрийн нэрийг дөрөв дэхээ зарж идэх нь ямар байдаг юм бол? Ер нь тэгээд энэ бүсгүй хэн, яаж, хэрхэн бий болгосон хөрөнгөөр туйлж, албан тушаал горилж явааг дэлгэвэл эцэс төгсгөлгүй түүх болох биз. Дорноговьд сургууль төгссөн гэхээс цаашгүй, аймагтаа огт ажиллаагүй энэ эмэгтэй мөнгөөр асуудлыг шийднэ гэвэл говийнхон хүлээн авах нь юу л бол. Өмнөх гишүүд нь өмч хөрөнгөгүй болохоороо ном, сониноос өөр юм тарааж байсангүй. Говийнхон шударга хүнд дуртай гэдгийг мань сайд нэг л ухаарахгүй юм даа. Д.Туяатай мөр зэрэгцэн “сонгуульд үзнэ” гэж харайж яваа хүн бол тус аймгийн засаг ноён Ж.Батсуурь. Найман жил болж байгаа энэ дарга “аймгаа хөгжүүлэх талаар би их зүйл хийсэн” гэж рекламддаг боловч, эдийн засгийн өсөлт, хил худалдаа, дэд бүтцийн таатай ийм нөхцөлд ажилласан хэн ч энэ зэргийн юм хийчихнэ гэж юмны учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Бас түүний хийсэн ажил бүрийнх нь цаана хувийн сонирхол байсан гэж Дорноговийнхон барин тавин ярьцгаах аж. Батсуурь дарга шиг баян хүн Дорноговьд үгүй гэнэ. Тэндэхийн өнгөтэй, өөдтэй бүхэнтэй түүний нэр холбогдоно. Эрчим хүч, дулааны зуух зочид буудал, шинэ барилга орон сууц цөм түүнтэй хамаатай. Барилгын тендэрт, худгийн тендэрт ч адилхан тэднийх ялдаг гэсэн. Мянганы замаас хувь хүртсэн хоншоортой компани ганцхан түүнийх. Тэднийх Дорноговиос “монжсон” мөнгөөрөө Налайхт цементийн үйлдвэр бариад дуусч байгаа сурагтай. Энэ бүхнээс болоод Дорноговийн гайгүй гэсэн хэдэн бизнесмэнүүд аймгаасаа дайжсан ч гэлцдэг. Бас гадаадаас хөрөнгө оруулъя гэсэн нутгийн хүмүүсээ мохоодог дарга гэнэ лээ. Нутгийн бизнесмен Л.Ганхуяг гэгч “Би Японы буцалтгүй тусламжаар аймагтаа хүүхдийн цэцэрлэг байгуулах гэхэд Батсуурь газар өгөөгүй” гэж гомдоллохыг олон хүн сонсоод халаглажээ. Монголын махны магнат “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан гэж шилдэг бизнесмэн “Батсуурь дарга байхад нутагт юм хийх боломжгүй” гээд Сэлэнгийг зорьжээ. Ж.Батсуурь аймгийн өмчийг ийнхүү эзэмшихийн зэрэгцээ төрд ажиллагсдыг “хувьчилж авсан” тухай яриа тус аймгаар дүүрэн. Тэрээр аймгийнхаа Ху намын хороог хувийн зардлаараа санхүүжүүлдэг тул идэвхтэн сонгуультнууд түүний нүдний харцаар хөдөлнө. Өөрөө хувийн зочид буудалтай болонгуутаа намынхаа харъяалалд байсан ганц зочид буудлыг хямдхан зарсан гэж ахмадууд нь гомдоллох юм би¬лээ. Иргэдийн хурлыг хүн бүрээс хагас сая төгрөг хурааж, төлөх чадваргүйд нь өөрөө “өгөөмөр сэтгэл” гар¬ган төлж байгуулсан гэх. Тиймээс аймгийн иргэдийн хурал ч түүний дохио зангаагаар хөдөлнө. Бас болоогүй ээ, сумдын засаг дарга нарыг сэтгэлдээ нийцэхгүй л бол хална, солино. Үүнтэй холбогдсон санал гомдол хаана ч очсон хав дарагдана. Ийнхүү аймгаа хөрөнгөтэй нь, хүнтэй нь “атгандаа хийсэн” Батсуурь “надтай хэн ч өрсөлдөөд нэмэргүй” гэж ярих дуртай бололтой. Харин Ж.Батсуурьт багш, эмч, жирийн сэхээтнүүд, мал¬чид ам муутай юм билээ. 2005 онд Дорноговийн мал түүхэндээ анх удаа хорогдоход тэрээр “хувьчлагдсан малын хувь заяаг төр хариуцахгүй, эзэн нь мэднэ” гэж томрон огт хөдлөөгүйд малчид ихэд гомд¬дог ажээ. Ардчилсан хүчин аймгийн хуралд арваад суудалтай ч Батсуурийн эсрэг бичигт гарын үсэг зурах хүн тоотойхон. Тэд “Батсуурийн захиргаадалт, бизнесийн дарамтаас аймгаа яаж салгах вэ” гэж хий л цухалддаг гэнэ. Харин тэд Батсуурийг сонгуульд нэрээ дэвшүүлбэл хамаг булайг нь дэлгэнэ гэж баахан факт цуглуулсан гэлцэнэ. Тэгээд ч зогсохгүй холбогдох газраар нь шалгуулхад ч бэлтгэж байгаа юм байна. Тэрээр нутгийнхаа хоёр гишүүнд тун тааруу гэнэ. 2004 оны УИХ-ын сонгуулиар эсрэг сурталчилгаа хийж, “Прогноз”-ын судалгааг худал гаргасан нь илэрсэн тухай Ц.Шаравдорж гишүүн сонинд бичсэн. Өнгөрсөн хавар намын гишүүд доторхи санал асуулгыг зохион байгуулахаар сумдад томилогдсон тэргүүлэгчиддээ “Та нөхөд айм¬гийн¬хаа намын хорооны даргыг, хурлын даргыг, төрийн сангийхаа хүнийг, бас сайд асан Эрдэнэчулууныг бодоорой” гэсэн чиглэл өгсөн нь хэрэгжиж, өөрөө нэрсийн жагсаалтыг толгойлон нутгийн хоёр гишүүний нэг нь айргийн тавд нэг юм багтаж, нэг нь сураггүй байлаа. “Монголын толгой хуульчдын нэг Ц.Шарав¬дор¬жийн нэр судалгаагаар тод¬роогүйг бодоход энэ ажлыг их муу зохион байгууллаа” хэ¬мээн түүний мөнхийн дай¬сан Ц.Нямдорж гишүүн хэл¬сэн байсан. Намын үе үеийн дарга нарын ивээлд “амь зууж” явсан Батсуурь дарга одоо Баяр даргыг “панаалдахаар” нүхээ малтаж яваа юм байх. Өөрийг нь анх хөтлөн очиж аймгийн дарга болгож байсан ачтан Шаравдоржийгоо өнөөдөр Батсуурь нэг нүдээр үздэггүйн цаад учир нь 2004 онд Батсуурийг “УИХ-д нэрээ дэвшүүлье” гэхэд нь суудлаа тавьж өгөөгүйд байдаг гэх. Тэр ч бүү хэл, “олон дахин сонгогдсон”, “нутагтаа юм хийгээгүй” гэх мэт яриа тараасны балгаар цаадах нь 2004 онд сонгуулийн сурталчилгаандаа аймгийнхаа намын байгууллагаас дэмжлэг авалгүй, “Эрэл”-ийн намаас нэр дэвшигч П.Ганхуягт ялагдах дөхжээ. Харин сонгуулийн дараа Батсуурь “хоёр гишүүнээ ялуулсан” гэж намаасаа гурван өрөө байраар шагнуулахдаа огтхон ч ичээгүй нэгэн аж. Ц.Шаравдоржийн хувьд олон сонгогдсон нь үнэн боловч Монголын төрд нэртэй хуульч гэдгээ нотолсон түүнийг нам нь ч, бас нутгийнхан нь мэдэх хэрэг. Гэхдээ Дорноговьдоо сонгогдох магадлал бага гэж нам нь үзвэл нийслэлийн аль ч дүүргээс гарах чадалтай л улс төрч. Дорноговийг төдийгүй Монголыг цөөн хутагтаар нь Юнескогийн хэмжээнд нэрлүүлэх хүртэл ажиллаж чадсан, бас Говьсүмбэр хэмээх шинэ аймгийг Хиад Боржигоны төв гэдгээр нь хөгжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлж яваа гишүүн Л.Одончимэд бол томсгосон тойргийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь. Түүхэнд анх удаа төрсөн нутгаасаа аймгийн даргаар томилогдож, зах зээлийн хамгийн хүнд үеийг туулсан түүнийг аймгийнхан нь дэндүү сайн мэднэ. Дараа нь Говьсүмбэрийг бүхэлд нь, Дорноговийн хойд талын найман сумыг хамарсан онцлог тойрогт хоёр удаа улсдаа айргийн тавд орсон өндөр үзүүлэлтээр сонгогджээ. Л.Одончимэдийг олон салбарт хүчээ сорьдог, хүний төлөө сэтгэлтэй, иргэний нийгмийг хөгжихөд их зүйл хийсэн, өргөн олноор хүрээлүүлсэн улс төрч гэдэг. Ямар сайндаа сонгогчид нь түүнийг манай ерөнхий “диспетчэр” гэдэг аж. Өвдсөн, зовсон хүн, орон шоронд орсон, цэрэг цуухад явах болсон, сургалтын төлбөр дутсан гээд л түүнээс юм гуйдаггүй хүн үгүй. Шударга үйлийн төлөө сайдын суудлаас ч татгалзаж чаддаг түүний араншин говийнхондоо ихэд таалагддаг юм билээ. Ардчиллын жилүүдэд өөрөө сайдаасаа татгалзах жишиг тогтоосон хүн гэж улс төрчдийн дунд “Одонгоо шиг бай л даа” гэдэг үг моод болжээ. Орон нутгаас Батсуурь хуудуутай судалгаа дахин гаргаад, шударга зан, шулуун үгэнд нь өширхсөн намынх нь зарим хүмүүс дургуйг нь хүргэвэл тэрээр бие дааж дэвшихэд Дорноговиос байтугай нийслэлийн аль ч дүүргээс гарна гэж улс төрчид ярьж байна. Хэрэв Л.Одончимэд аймагтаа бие дааж нэр дэвшвэл “Ах” намын санал хуваагдаж өөр намын хүн дундуур нь гарч ирж болзошгүй. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэж хөрөнгө зоорьтой Ж.Батсуурь, Д.Туяа хоёр үгсэж хуйвалдаад хоёр пролетари гишүүнээ шахаж ч мэднэ. Гэвч хашир, туршлагатай МАХН мөнгөтэйг нь бус, ганц суудал найдвартай зулгаагаад ирэх хүнээ нэр дэвшүүлэхээ эрхбиш мэдэх биз ээ. Мөн “Эрэл”-ийн П.Ганхуяг, АН-аас Я.Батсуурь нар нэр дэвшихээр тогтжээ. Тэд Ц.Шаравдорж гишүүнд нэг, нэг удаа ялагд¬сан, одоо даагаа нэхэх нь нэгэнт тодорхой болж. Хэн хэн нь аймагтаа ажиллаж байгаагүй. Гэхдээ хөрөнгө мөнгө зарж сан байгуулах, ша¬гай харвуулах, морь урал¬дуулах гээд олон л наадам шоу хийж, олонд та¬нигдах гэж хэрдээ хичээж яваа сурагтай. Дор¬но¬говьд сүлжээ муутай “Эрэл”-ийн намаас хоёр дахиа үзэх гэж байгаа П.Ганхуягийг уг нь сайн за¬луу, даанч соцдекээс эх¬лээд хэд хэдэн нам дамж¬саар эцэст нь намаа буруу сонгосон тул УИХ-д суух шансгүй болсон гэх юм билээ. Я.Батсуурь гэх дипломатч нь Ганхуя¬гаасаа хэдэн санал илүү авч магадгүй.
Нийтлэгдсэн хэвлэл: Өглөө орой news
|